Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН II ТАСАГ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН II ТАСАГ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ.

Нийтэлсэн огноо: 2020-05-29

Мэс заслын II тасаг нь хэвтүүлэн эмчлэх бүхий 50 ортой, хагалгааны 3 өрөө, амбулаторийн үзлэгийн 3 кабинеттай. 8 эмч, 23 сувилагч, 2 туслах сувилагч нийт 33 ажилтантай үйл ажиллагаагаа явуулах юм. Тус тасаг нээгдсэнээр иргэдэд гэмтэл согог, мэдрэлийн мэс засал, толгой хүзүү, чих хамар хоолойн мэс заслын тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэж байна.

 

  • Ортопед /Гэмтэл согог/

УХТЭ-ийн Мэс заслын тасагт өвдөг, түнхний үе солих анхдагч болон давтан мэс заслууд түлхүү хийгддэг ба 2019 онд 251 хагалгааг амжилттай хийсэн байна. Мөн 2019 оноос шинээр Navigation технологийг нэвтрүүлээд байна. 2020 оны I улиралд өвдөгний үений дуран, ясны бусад хагалгааг - 85 өвчтөнд хийсэн нь амжилттай боллоо. Мэс заслын тасаг нь ийнхүү I, II тасагтай болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан цаашид яс, үений хагалгааны тоо 200-300 орчим байгааг жилд 500-1000 болгож нэмэгдүүлэх, үүний тулд гэмтэл ясны хугарлыг ил болон далд аргаар засах хагалгааг нэмэгдүүлэх, үе солих, ясны хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлэх, дурангийн хагалгааг төрөл бүрээр өргөжүүлэх, өвдөгний үе солих мэс засалд Unicondylar implant ашиглах, үе солих хагалгаанд 2, 3-дагч Revision хагалгааг нэмэгдүүлэх, ясны хавдрын хагалгааг нэмэгдүүлэх, мөрний үеийг бүтэн болон хагас солих, мөр, түнх, жижиг үений дурангийн хагалгааг эхлүүлэх, гар сарвууны мэс заслыг хөгжүүлэх зэргээр гэмтэл согогын мэс заслын тусламж, үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхээр зорьж байна.

  • Мэдрэлийн мэс засал

Ард иргэдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, стандартын дагуу мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг сүүлийн үеийн техник технологи ашиглан үр дүнтэй чанартай үзүүлэх зорилгоор нуруу нугас, тархины мэс засал, харвалтын үеийн мэс засал, дискэктоми, нугалмын хугарлын үеийн screw fixation, fusion, minimal invasive spinal surgery-нурууны дурангийн хагалгааг шинээр нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

  • Чих хамар хоолой

Чих хамар хоолойн бүх төрлийн хагалгаа: хүзүү толгойн мэс заслууд, отоневрологи, гавлын суурийн мэс заслууд, хамрын пластик, суулгацын мэс заслууд хийгдэж байна. Цаашид одоо хийгдэж буй мэс заслуудыг бататган нарийн мэргэжлийн төв болох, нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.