Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн нээлт боллоо.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн нээлт боллоо.

Нийтэлсэн огноо: 2020-04-16

Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагаа нь хүн амын дунд аливаа халдварт бус өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын эрүүл хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, ахуйн болон ажлын байр хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөллүүдээр үүсэх эрүүл мэндийн эрсдлүүдээс сэргийлэх мэдлэг дадал, хандлагыг олгох ач холбогдолтой байдаг.

УХТЭ нь Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн дундаас анхлан байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

  Энэхүү төв нь Урьдчилан сэргийлэх төрөл бүрийн багц үзлэгүүдийг нэг цэгээс лабораторийн бүхий л төрлийн шинжилгээ, компьютерт томографийн оношлогоо, хэвлийн болон зүрхний хэт авиан болон бусад төрлийн үйл оношлогоо, төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг нэг цэгт төвлөрүүлэн хийж дүгнэлтийг үйлчлүүлэгчдэд гарган эмчилгээ, зөвлөгөөг өгөх юм.

Ингэснээр бид Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны 19 тоот тогтоолоор баталсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” -ын дагуу иргэдэд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлийн бүлгээр нь ангилан урьдчилан сэргийлэх багц үзлэгүүдийг хийж гүйцэтгэх, мөн Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/340 тоот тушаалаар баталсан “Ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа юм. Мөн энэхүү төвийн үндсэн үйл ажиллагааны бас нэг чиглэл бол ард иргэдэд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. Иргэд, аж ахуйн нэгжийн ажилтан ажиллагсад, эмнэлгээр үйлчлүүлсэн хүн бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг бүхий л хэлбэрээр явуулах ажлыг энэхүү төв гүйцэтгэнэ. 

Хүний төлөө Хүчирхэг баг