Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгаас дурангийн мэс засал хийж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дурангийн мэс заслын ололт амжилт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд төр, хувийн хэвшлийн нэгдсэн, төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын 180 гаруй эмч оролцлоо.
Энэхүү хурал нь бүх төрлийн дурангийн мэс заслын үр дүн, дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлсэн туршлага, ололт амжилтаа дүгнэх, ховор тохиолдлуудыг хэлэлцэх, цаашид тус тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч, мэргэжилтнүүд санал санаачилгыг дэмжих, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, харилцан туршлагаа солилцох зорилготойгоор амжилттай зохион байгуулагдсан бөгөөд манай орны мэс заслын салбарын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, залуу эмч нар илтгэл хэлэлцүүлснээс гадна БНСУ, ОХУ, Япон зэрэг орноос уригдан ирсэн профессорууд зочин илтгэл тавьсан.
Мөн энэ хуралд гадаадын өндөр хөгжилтэй орны мэс заслын эмч нар болон УХТЭ-ийн мэс заслын эмч нар мэс заслын шууд бичлэгээр эмнэлзүйн дадлага сургалт хийсэн нь онцлог болсон юм.
Дашрамд дурдахад УХТЭ-т Монгол-Япон улсын засгийн газар хоорондын гэрээгээр 1999-2000 онд хэрэгжсэн “Улсын Клиникийн Нэгдсэн Хоёрдугаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Олимпус фирмийн дурангийн мэс заслын иж бүрдэлтэй болж, 2002 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн эмнэлгийн захирлын тушаалаар хэвлийн дурангийн мэс засал хийгдэж эхэлсэн түүхтэй юм.
Өнөөдрийн байдлаар УХТЭ нь жилд 6000 орчим мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлж, үүнээс 60 орчим хувийг дурангийн мэс заслын аргаар гүйцэтгэж байгаа бөгөөд нэр төрлөөр нь тооцож үзвэл дурангийн аргаар 50 орчим нэр төрлийн мэс заслын эмчилгээг хийж байна.