+7015-0222 info@ssch.gov.mn
Бүртгэлээс Да-Ба 8:00 - 16:30 / Утсаар захиалга 08:00 - 16:30 / Да-Ба

Цэс

Мэдээ мэдээлэл

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ХОЁРДУГААР...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ | Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллав. Ерөнхийлөгчийн бодлогын дэмжлэгийн хүрээнд тус төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагджээ. Шинэ төвийн нээлтээс хойш 43–65 насны 5 хүнд амьд донороос дурангийн аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судасны дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийхээс гадна. Элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрын 1,000 гаруй дурангийн мэс засал амжилттай хийгээд байна. Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нутагших, эмч нарын чадавх дээшлэх, гадаадад өндөр зардлаар эмчлүүлэх иргэдийн тоог бууруулах боломж бүрджээ. Гадаад орнуудад элэг шилжүүлэн суулгуулах зардал 150–500 сая төгрөг байдаг. Эмч нар болон мэс засал хийлгэж эдгэсэн иргэд Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, цаашдын дэмжлэг чухлыг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч, сувилагчдын хөдөлмөрт талархал илэрхийлж, бусад эрхтэн шилжүүлэн суулгах төрлийг хөгжүүлэхийг бүрэн дэмжинэ гэдгээ хэллээ. Төв ирэх оноос Амьд донороос бөөр шилжүүлэн суулгах болон робот мэс засал, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Манай улсад элэгний хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7–8 дахин өндөр, жилд 1,745 хүн элэгний хавдраар, 643 хүн элэгний хатуурлаар нас барж байна. Одоогоор 325 хүн элэг шилжүүлэн суулгах хүлээлттэй байгаагаас 25 нь УХТЭ-д бүртгэгдээд байна. Эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах төслийн ажлыг эхлүүлэхэд үнэтэй туслалцаа үзүүлж, Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт нутагшуулах үйлсэд бодитой дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх болон ЕТГ-ын дэд дарга Б. Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Г. Ёондон нарт гүн талархал илэрхийлье.