ЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ "ДИАБЕТИЙН ТӨВ" БАЙГУУЛАГДЛАА. Жил бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг зорилтот уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлэг энэ өдрөөр "Диабитийн төв"-ийг байгуулан 11 сарын 12 өдөр нээлтээ хийлээ. Үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ "Монгол Улсын тэргүүлэх өвчний тавдугаарт чихрийн шижин, үүнээс гаралтай өвчнүүд багтдаг. Чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор Хоёрдугаар эмнэлэг Диабитийн төвтэй боллоо. Энэ төв нээгдсэнээр иргэд цогц үйлчилгээг авахаас гадна бусад нэгжүүдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах зэрэг маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болж байна. Цаашид тус төвийг Үндэсний төв болгох зорилготой ажиллахад ЭМЯ-аас бүх талаар нь дэмжиж ажиллана" гэдгийг энэ үеэр онцоллоо. Нээлтийн үеэр иргэдэд чихрийн шижингийн хүндрэлүүдийг эрт илрүүлэх нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө, цусан дахь саахрын түвшин тодорхойлох түргэвчилсэн тест, биеийн жингийн индекс хэмжих зэрэг үзлэг, оношилгоог хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. “Чихрийн шижингийн үед хийх бодисын солилцооны мэс засал” сэдвээр ерөнхий мэс заслын эмч Б.Онон илтгэл тавьж, иргэдэд бодисын солилцооны эмгэгийн үеийн мэс заслын эмчилгээний тухай болон мэс засал хэрхэн хийгддэгийг “хонины ходоод”-оор үзүүлэн тайлбарлалаа. Тэрээр уг мэс засал нь ходоодны эзэлхүүнийг багасгах замаар бодисын солилцоог эрчимжүүлж, цусан дахь саахрын түвшинг бууруулснаар чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх боломжтой болохыг онцолсон юм.