Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) 2022 оны дөрөвдүгээр улиралд хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, хими эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа.
УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2021 онд 400 гаруй хавдрын мэс засал, 2022 оны 8-р сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн үүнээс гадна 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж үйлчилгээг нийт 1500 орчим иргэнд үзүүлээд байгаа юм.
Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.
УХТЭ-ийн хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.
Хорт хавдрын хими эмчилгээ гэж юу вэ?
Хавдрын хими эмчилгээ гэдэг нь хорт хавдрын эсийг устгах эсвэл өсөлт хөгжлийг зогсоох (цитотоксик) үйлчилгээтэй бодисыг агуулсан эм бэлдмэлийг хэлнэ.
Яагаад та хими эмчилгээнд орох шаардлагатай вэ?
Хавдрын хими эмчилгээг дотор нь төгс, адьювант, неоадьюант, хөнгөвчлөх гэж 4 ангилдаг. Аль үе шатанд ямар зорилгоор хийгдэж байгаагаас шалтгаалан эмчилгээний сонголтууд өөрчлөгддөг.
Төгс хими: Зөвхөн хими эмчилгээгээр хавдар бүрэн эмчлэгддэг хавдруудын үед хийх эмчилгээ юм.
Адьювант хими: Мэс засал, туяа эмчилгээний дараа эрт үеийн хавдар дахихаас урьдчилан сэргийлэх, бичил үсэрхийллийг устгах зорилгоор хийгддэг эмчилгээ юм.
Неоадьювант хими: Хавдрын хэмжээ ба хоруу чанарыг багасган мэс засал, туяа эмчилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор хийгдэж байгаа эмчилгээ юм.
Хөнгөвчлөх хими: Мэс засал, туяа эмчилгээ хийх боломжгүй үед хавдрын хэмжээг багасган, өвдөлт зовиурыг багасгаж амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх эмчилгээ юм.
Бусад жирийн эм, тарианы адил судсанд дангаар нь эсвэл дуслаар, мөн шахмал эм хэлбэрээр ууж хэрэглэнэ. Зарим тохиолдолд хэвлий, цээж, нугасны хөндий, давсганд хийнэ.
Хими эмчилгээнд хэр хугацаанд орох вэ?
Эмч таны өвчний үе шат болон биеийн байдлыг үнэлэн эмний сонголтыг тохируулан тодорхой нэр төрлийн химийн эмчилгээг, хэдэн удаа яаж хийхийг шийддэг. Нэг курс эмчилгээ гэдэг нь 1, 14, 21-28 хоногийн зайтай хийж байгаа эмчилгээг хэлдэг.
Өдрийн хими ба хими эмчилгээний тасагт хэвтэж эмчилгээ хийлгэх ялгаатай юу?
Ялгаагүй. Эмчилгээг өглөө хийлгэж эхлээд өдөр юм уу орой дуусаад эмнэлгээс гарах бол өдрийн эмчилгээний хэсэгт хийлгэнэ.
Харин дусал залгаад олон цагаар хийгдэх (24-48 цаг) эсвэл тухайн эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж өөрийн хүсэлтээр хэвтэх бол тасагт хэвтэж хийлгэж болдог.
Хорт хавдартай бүх хүнд хавдрын хими эмчилгээ хийдэг үү?
Үгүй. Тухайн хүний хавдрын онош эдийн шинжилгээгээр батлагдсан, хими эм тарианы харшилгүй, амьсгал зүрх судас, элэг, бөөрний эрхтэн системийн үйл ажиллагаа тогтвортой, өөртөө бүрэн үйлчлэх чадвартай, хими эмчилгээний гаж нөлөөг дааж чадахуйц хүнд хими эмчилгээг хийдэг.
Ямар хүнд хавдрын хими эмчилгээ хийгдэхгүй вэ?
Эдийн шинжилгээгээр хорт хавдар батлагдаагүй, элэг, бөөр, амьсгал зүрх судасны тогтвортой үйл ажиллагаа алдагдсан, халдварт өвчтэй байх, сэтгэцийн өвчтэй байх, цөсний замын бөглөрөлтэй, биеийн ерөнхий байдал дордсон, өндөр настай, биеийн жингийн алдагдал ихтэй, цус багадалттай эмчлүүлэгчдэд хими эмчилгээ хийгдэх эсрэг заалттай.