Улсын Нэгдсэн Тусгай Эмнэлэг
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Чехословак улсын тусламжтайгаар орчин үеийн багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон 110 ортой төрөл бүрийн 12 кабинет, нэгдсэн лаборатори, эмчилгээний тусгай тасгуудтай, поликлиник бүхий нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж 1960 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ашиглалтанд оруулсан нь тус эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, томоохон эмнэлгийн хэмжээнд хүргэсэн юм. 1965 онд Хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд оржээ. 1975 оны байдлаар тус эмнэлэг нь 150 ортой үүнээс хүүхдийн ор 50, үндсэн 7 тасагтай, бүгд 283 орон тоотой, жилд 4,3 сая төгрөгний төсөвтэй, 34000 ор хоног ашиглаж, амбулаторийн үзлэг 106,8 мянгыг хийж, 10000 гаруй хүн амыг хамран үйлчилдэг байв. 1981 онд 50 ортой Дотрын 2-р тасгийн барилга болон захиргаа, аж ахуйн барилга ашиглалтад орж иж бүрэн тохижилттой томоохон эмнэлэг болон өргөжжээ.