Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгүүд нь хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд удирдлага, зохион байгуулалт, менежментийг сайжруулахад харилцан туршлага солилцож ажилладаг.
Өчигдөр буюу 2022 оны 6-р сарын 22-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Канбуг Самсунг эмнэлгийн удирдлагын баг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болон эмнэлгийн багаж хэрэгсэл гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг, маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Н.Баярмаа болон Канбуг Самсунг эмнэлийн Ерөнхий захирал Шин Хён Чоль, Эрүүл мэндийн төвийн дарга, төслийн удирдагч Кан Жэ Хонь, Сувилахуйн албаны дарга Жон Сан И, Эрүүл мэндийн төвийн судлаач Т.Норов болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УХТЭ нь 2020 оноос хойш БНСУ-ын KOFIH төсөлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд KOFIH төслийн багийн төслийн менежер УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч Б.Онон, Төслийн зохицуулагч Пак Даль Рим, Төслийн зохицуулагч Сургалт, гадаад харицааны албаны арга зүйч Д.Оюунсан нар байлцлаа. Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Манай эмнэлэгт хүрэлцэн ирсэн Канбук самсунг эмнэлгийн удирдлагууд болон эмч мэргэжилтнүүд та бүхэндээ эмнэлгийн нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархаж байна. Монгол Солонгос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоод 30 гаруй жил болж буй бөгөөд энэхүү хугацаанд эрүүл мэндийн салбарын томоохон өөрчлөлтүүд бий болж зарим шинэ технологиуд хөгжихөд Солонгосын эрүүл мэндийн салбар төдийгүй олон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн туслалцаа байсанг дуулгах нь зүйтэй.
Канбуг Самсунг эмнэлэг, УХТЭ-ийн хооронд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд УХТЭ-ийн эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д суралцуулж, манай эмнэлгийн 20 гаруй тасагт ажлын байрны сургалтыг зохион байгуулсан байна. Мөн түүнчлэн УХТЭ-т менежментийн зөвлөх үйлчилгээ авахад томоохон дэмжлэг үзүүлсэнд талархаж байгааг маань хүлээн авна уу.
Бидний хамтын ажиллагаа улам бэхжин өргөжнө гэдэгт итгэл төгс байна” гэв. Канбуг Самсунг эмнэлийн Ерөнхий захирал Шин Хён Чоль нийт зочидод мэндчилгээ дэвшүүлж, хамтын ажиллагааны үр дүнгүүдийн талаар онцолж талуудад талархал илэрхийллээ. Канбуг Самбунг эмнэлгийн Эрүүл мэндийн төвийн дарга, төслийн удирдагч Кан Жэ Хонь өөрийн эмнэлгийн түүхэн замнал онцлог зүйлсийг танилцуулсан бөгөөд тэрээр хэлэхдээ “2020 оноос хэрэгжиж эхэлсэн төслийн I шатанд УХТЭ ба ҮОЭТ-ийн нөхцөл байдлыг үнэлэж, шаардлагуудыг тусгаж үйл ажиллагааны консалинг төлөвлөгөөг баталсан бөгөөд бид 2021-2022 оны төслийн II шатанд эмнэлгийн тасаг нэгж бүрийн онцлог, шаардлагад тулгуурлан хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн байна. Бид 2023 онд хэрэгжих төслийн III шатанд салбар бүрийн гол үйл ажилгааны систем боловсруулах ба гарын авлага гаргах, ажил үүргийн уялдаа холбоог сайжруулах зэрэгт голлон анхаарах болно. Бидний төсөл 2025 он хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол улсын Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны суурь болон хүний нөөцийг чадавхжуулж, үр ашигтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцлооход чиглэх болно. Хурдан явья гэвэл ганцаараа яв. Хол явья гэвэл хамтдаа явья ” гэж хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
2020 оноос хэрэгжсэн KOFIH төслийн хүрээнд эмнэлгийн удирдлага менежментийн стратеги төлөвлөгөө ба мэргэшсэн төвүүдийн /Диабет, Эрүүл мэндийг дэмжих төв/ үйл ажиллагааны зөвлөгөө, Сувилахуйн албаны нөхцөл байдал, сургалт, хүний нөөций, сувилахуйн тусламж үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны явцыг сайжруулах, Цөмийн Анагаах Ухааны мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулах УХТЭ-д PET/CT шинжилгээг 400 гаранг хийсэн, өвчтөнийг зөв ялган таних үйл явцыг хэрэгжүүлэх замаар үйлчлүүлэгч, ажилчдын өвчтөний аюулгүй байдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд болон тасгуудад шаардлагатай олон тооны сургалтыг зохион байгуулсан байна.Уулзалтын үеэр УХТЭ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг эмнэлгийн алсын хараа, зорилго зорилтоо зочдод танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудыг талуудад дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир нийт зочдод талархал илэрхийлэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд шаардлагатай бүхий л ажлыг цаг алдалгүй дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Үргэлжлүүлэн зочид, төлөөлөгчид УХТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дашрамд дурдахад KOFIH төслийн хүрээнд нийт санхүүжилтийн 80 гаруй хувь нь сургалт, зөвлөх үйлчилгээнд зориулагдаж байгаа бөгөөд 20 орчим хувь нь эмнэлэгт шаардлагатй, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд зарцуулагдаж байгаа аж.
Энэ удаагийн айлчлалаар БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлгийн төлөөлөгчид цахим эмнэлэг болох ажлын хүрээнд сувилагчийн таблет 10 ширхэг, сувилагчийн эмчилгээний тэрэг 10 ширхэгийг хандивлалаа.